Сүүлд шинэчлэгдсэн: Өнөөдөр 15 цаг 19 минут
“Суудлын хурал”-д суусан тухай


Ойрмогхон “Нэг бүс, нэг зам” санаачилга болон Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорын асуудлаар Өвөр Монголд зохиогдсон хоёр ч удаагийн “суудлын хурал”-д уригдан оролцлоо. Тухайлбал, Хөх хотод 6 дугаар сард болсон хуралд Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх Н.Чимгүүндарь, судлаач Д. Баярхүү нарын хамтаар оролцсон бол саяхан бас нэг хуралд оролцоод ирлээ. “Суудлын хурал” гэдгийг манайхны онол- практикийн бага хурал гэж ойлгож болох юм. Намайг яагаад уриад байна гэхээр Монгол-Оросын харилцаа, хамтын ажиллагааны талаар хэд хэдэн нийтлэл бичсэн, олон улсын хуралд илтгэл тавьсан, бас Москвад Элчин сайдаар ажиллаж байсан учраас Оросын талаар мэргэшсэн хүн гэж үзсэн бололтой.

Эдгээр хурлыг Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хятад-Монгол-Оросын хамтын ажиллагааны хүрээлэн, Хөгжлийн судалгааны төв зэрэг байгууллага хамтран зохион байгуулдаг юм байна лээ. Миний бие гурван орныг холбосон эдийн засгийн коридор бол орчин цагийн “Цайны зам” гэсэн сэдвээр илтгэл маягтай юм тавилаа.Өвөр Монгол нь гурван орны эдийн засгийн коридорын яах ч аргагүй чухал оролцогч юм. Тухайлбал, гурван орныг холбосон авто болон төмөр зам эдний нутгаар дайран өнгөрнө, Хятаддаа томоохонд тооцогддог Бугатын аж үйлдвэрийн цогцолбор нь ОХУ болон Монгол Улсаас нийлүүлэх нүүрс, төмрийн хүдрийн гол хэрэглэгч, Өвөр Монголын дулааны цахилгаан станцууд Бээжингийн районы цахилгааны хэрэглээний 1/3-ыг хангадаг учраас гурван орныг холбосон эрчим хүчний шугамыг ихэд сонирхох жишээтэй.

Ер нь ОХУ болон Монгол Улстай хиллэдэг ӨМӨЗО-ны удирдлага хил залгаа гурван орны эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихэд анхаарал тавьж янз бүрийн уулзалт, хурал, зөвлөлгөөн, үзэсгэлэн, яармаг зохион байгуулж байна. Жишээ нь, 9 дүгээр сард Хайлаар хотод Хятад, Монгол, Оросын эдийн засаг-худалдааны үзэсгэлэн, Хөх хотод Монгол-Хятадын ЭКСПО зохион байгуулж энэ үеэр янз бүрийн уулзалт, форум зохиох гэж байна.

Миний бие Хятад орныг голдуу Бээжингээр төсөөлдөг байжээ. Гэтэл сүүлийн үед Хятадын орон нутгаар явж үзээд энэ орныг өөр нүдээр харах боллоо. Авто машины болон төмөр зам, нисэх буудлууд, байшин барилгуудыг нь бичээд яахав. Манайхтай зүйрлэшгүй болсон гэдгийг хүн бүр мэдэх хойно. Хамгийн гол нь ард түмний амьдрал нь эрс дээшилсэн байна. Хөх хотын зочид буудлууд Хятадын өмнө зүгээс ирсэн жуулчдаар дүүрэн байх юм. Зун нь өмнө зүгийнхэн нь арай сэрүүн учраас Хятадын хойд хэсэгт, өвөл нь хүйтэрхээр хойд зүгийнхэн Хятадын өмнө хэсэгт аялдаг, амардаг болсон гэнэ. Хувцаслалтын хувьд баян ядуу, хот хөдөөгийнх гэх ялгаа бараг байхгүй болжээ. Хүмүүсийнх нь дундаж цалин 2016 оны байдлаар 450-750 ам.доллар байсан бөгөөд жилд 50-70 ам. доллараар нэмэгдэж байна. Энэ байдал манайд ч нөлөөлж таарна. Одоо, жишээ нь, Монголд ирж барилга дээр ажиллах хятад ажилчин олдохгүй нь. Цалин нь ийм байхад хятадад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх нь тодорхой. Жишээлэхэд тэндэхийн дэлгүүрт Хятадад үйлдвэрлэсэн хувцас Азийн бусад оронд үйлдвэрлэсэн хувцаснаас илүү үнэтэй байна. Манайх бүх хүмүүсээ ажилтай болгоод зогсохгүй хөдөлмөрийн бүтээмжийг нь дээшлүүлж цалингийн нэмэхгүй бол бид удахгүй сайн муу, чанартай чанаргүй гэж хэлээд байдаг хятад бараагаа ч авч чадахгүй болох нь. Энэ дашрамд тэмдэглэхэд Хятадад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн, техник тоног төхөөрөмжийн чанар эрс сайжирч хөгжилтэй орнуудын түвшинд хүрээд байна. Сансрын хөлөг хүртэл бүтээж байгаа юм чинь аргагүй юм даа. Сониноос сансрын пуужин, хөлгүүдийг ӨМӨЗО-ноос нисгэдэг юм байна лээ. 

Монгол орны эдийн засгийг богино хугацаанд эрчимтэй хөгжүүлэхэд юуны өмнө гадаадын хөрөнгө оруулалтыг татах нь нэн чухал. Чухам ямар салбарт хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр татах бололцоотой вэ гэхээр дэд бүтцийн салбар гэж бодож байна. Өнгөрсөн онд гарын үсэг зурсан Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг хэрэгжүүлснээр мэргэжлийн хүмүүсийн тооцоогоор хэдэн арван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах бололцоотой юм билээ. Дэд бүтэц хөгжсөнөөр уул уурхайн төдийгүй аж үйлдвэрийн бусад салбар ч хөгжинө, транзит тээврээс ч ихээхэн орлого олно, тэрийг нь дагаад ч үйлчилгээний салбарууд ч хөгжинө.

ОХУ нь АНУ болон Европын орнуудтай харилцахад хүндрэлтэй болсон учраас БНХАУ-тай харилцаагаа өргөжүүлэх ихээхэн сонирхолтой байгаа, БНХАУ  өөрийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээгээ хангахын тулд “Нэг бүс, нэг зам” санаачилгыг дэвшүүлж түүнээ хэрэгжүүлж эхлээд байгаа нь дунд нь орших манай оронд нэн таатай нөхцөлийг бий болгож байна. Бид үүнийг зөв ашиглавал богино хугацаанд манай эдийн засаг эрчимтэй хөгжихийн эхлэл тавигдана.  


Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.