Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 21 цаг 38 минут
Хөдөө явахад анхаарах зарим зүйлийн тухайд

Одоо бодох нь ээ дээхэн үед хөдөө явна гэдэг бол эрсдэл дагуулсан ажил байж. Өнөөдөр байдал өөрчлөгджээ. Зам, гүүрүүд сайжирч, унаа машинууд шал өөр болов. Намайг залууд, жишээ нь, Сүхбаатар, Дорнод аймаг ороход замдаа заавал хонож очдог байсан бол одоо засмал замаар 7-8 цаг давхиад л очих болж. Баруун аймгууд илүү хол, бас тэгээд замд уул даваа, гол ус ихтэй тул хэд хонож очдог байлаа. Зун даваанууд дээр мотор нь халсан машинууд хамраа сөхөөд салхи сөрөн зогсдог байсан нь тэр үеийн зам ч муу, машин техник ч тааруу байсны илрэл юм уу даа.Хэрэв машин эвдрэх эсхүл цас, шавар, усанд суувал замын машин хүлээгээд хээр хонох ч тохиолдол гардаг байсан. Одоо зам сайн, явуулын машин тасрахгүй. Гол зам дагуу хоолны газар, буудал, бааз зөндөө. Бас тэгээд манай орны бараг хаана ч явсан утсаар ярих боломжтой болов (ялангуяаG-Mobile утас хөдөө их сайн барих юм билээ). Дээр нь GPS гэдэг юм гараад ирсэн тул төөрөх тухай ойлголт бараг байхгүй. 
Өнөөдөр манайхан юуны өмнө хот, төв суурин газрын стресс, шуугианаас хэдэн хоног ч гэсэн холдохын тулд хөдөө гарч амрахыг урьтал болгодог болжээ. Дээр нь мэдээж уугуул нутагтаа очих, эцэг эх, хамаатан садантайгаа уулзах гэсэн, мөн ан гөрөө хийх,загас барих хообийтой хүмүүс байдаг. Түүнээс биш түүх, соёлын дурсгалт зүйлийг үзэж сонирхохоор явах нь тун ховор. Ер нь монголчууд биднийг “нүүдэлчний цус” хөдөө нутаг руу дууддаг бололтой юм. 
Нэг хэсэг миний бие амьтан хүн дагаж ан гөрөө, загасанд нилээд явдаг байлаа. Очиж үзээгүй гол, нуур ер нь ховор байх. Сүүлийн үед ан хийх, загас барих сонирхолтой хүмүүс их болж ан, загас ховордсон болоод ч тэр үү жаахан сонирхол муутай болов. Бас тэгээд зөвшөөрөл, шалгалт гээд бөөн “чирэгдэл”. Одоо харин загас барих биш үржүүлэх ажилд оролцох боллоо. Хэдэн жилийн өмнөөс “Туул ижий” гэдэг ТББ Туул голын эхэнд загас үржүүлэх болсон, түүний ажилд хир чадлаараа туслах болов. Энэ буянтай үйлсэд нийслэлийхэн, ялангуяа Туулаас загас барьдаг байсан бөгөөд одоо мөн загасчилдаг хүмүүсийг оролцооч гэж уриалах байна. 
Хөдөө явж байгаа хүмүүст дараах зүйлийг сануулахад илүүдэхгүй байх гэж бодож байна:

юуны өмнө унаа машинаа сайтар бэлтгэх хэрэгтэй. Алсхан, засмалзамгүй газраар явах бол туулах чадвар өндөртэй машинаар явсан нь дээр. Бас хүрз, татлага авахад ер илүүдэхгүй; 
олон хоногоор аялах бол түргэн муудах хүнс авах хэрэггүй. Нэг үеэбодвол юм элбэг болсон тул замд таарах аймаг, сумын төвөөс хүнсээ хэрэгцээнийхээ хирээр нэмж аваад явах боломжтой. Ихээр авбал муудна, бас илүү ачааны нэмэр. Тухайлбал хол, олон хоногоор явах бол аяллын эхэнд хонь гаргавал түүнээ янзлах гэж цаг алдана, зуны халуунд бол махаа муудуулахгүй байлгана гэдэг бол бас л “проблем”;
мэдээж хувцсаа бодож авна биз. Наршчихгүй л бол халууцаад өвдөнөгэж байхгүй. Харин уул хаданд явах, сэрүүнд болон бороо, шаварт өмсөх хувцас авах нь чухал;
хэрэв хүүхэд, хөгшчүүл, эмэгтэйчүүд явна гээд байвал тэд замын аяыгдааж чадах уу гэдгийг бодох хэрэгтэй. Бас нэг нэгийгээ ойлголцдог хүмүүстэй явбал зүгээр. Хөдөө явж байгаад хэрэлдэж марган янз бүрийн ааш гаргаад байвал хэцүү биз дээ;
олон газраар явж юм үзэх гэж байгаа бол урьдчилаад цаасан дээртөлөвлөгөө гаргавал зүгээр. 
Энэ мэт анхааруулах зүйл зөндөө л байх юм. Энэ нөхөр мэдэмхийрлээ гэх байх гэж бодоод ингэсгээд болъё. Эцэст нь хэлэхэд машинаар биш унадаг дугуйгаар аялбал байгалийн сайхныг илүү мэдрэхээс гадна эрүүл мэндэд хэрэгтэй, бас өөрийгөө сорьж үзэх нэг боломж юм даа. 

***

Баруун аймгуудаар явсан тухайгаа бичиж хэдэн зураг тавьсан чинь хүмүүс нилээд үзсэн байх юм. Бас таньдаг хүмүүс ярьж байна аа. Өөр зураг байвал нэмж тавиач гэж.



Алтайн уулс байгалийн үзэсгэлэнгээрээ алдарт Альпийн уулсаас нэг их дутахгүй л болов уу.


Цас, эргэн тойронд нь ногоон мод, зүлэг,



бас цэцэг.


Хотон болон Хурган нуурыг холбосон хоолой дээгүүрх гүүр.


Ийм гүүр одоо тэр бүр тааралдахгүй байх аа.



Казахуудын үндэсний хоол хэл, соёлтойгоо адил бас өөр бөгөөд амттай.


Увсын Зүүнговь сумын нутагт байдаг Баян нуурын эрэгт.



Хангайн нурууны өндөр даваанууд машины чадал, жолоочийн ур чадварыг шалгаж байв.


Улаанбаатар орох зам Тэрхийн цагаан нуур, Суман гол, Чулуутын гол гээд олон сайхан үзэсгэлэнт газрын дэргэдүүр өнгөрдөг.



Замд бороо ороод л, солонго татаад л ...

Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.