Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 21 цаг 38 минут
Баруун аймгуудаар аялах нь барууны орнуудад амарснаас илүү сонирхолтой байлаа

Энэ жилийн наадмын амралтын олон өдрүүдээр миний бие хэсэг нөхдийн хамтаар баруун аймгуудаар аялаад ирлээ. Аяллаа манай улсын хамгийн баруун цэг бөгөөд Монгол орны дээвэр хэмээгддэг Алтай Таван Богдоос эхэлсэн юм.



Мөнх цастай, мөсөн голтой эдгээр уулс нь үнэхээрийн сүрлэг. Очиход бартаа ихтэй ч гадаад, дотоодын аялагчид нилээд тааралдав. Харамсалтай нь мөсөн голууд сүүлийн жилүүдэд их багасч байгаа гэнэ. Жилд 5-7 метр нимгэрч байгаа гэж тэнд ажилладаг цаг уурч ярьж байна лээ.



Алтай Таван Богд хүрэх зам бас тийм ч амар биш.



Уулын хормойд Алтай Таван Богдын зураг авч байсан УИХ-ын гишүүн асан М.Зоригтын санаачлан хэрэгжүүлж байгаа “Бидний цөөхөн монголчууд” төслийн багийнхантай тааралдаж нэгэн оройг хамтдаа өнгөрүүлэв. Тэд өөрсдийн ивээн тэтгэсэн “Шүүдэр дундуур” гэдэг бүрэн хэмжээний уран сайхны киногоо орой нь гадаа том дэлгэцэн дээр үзүүлсэн нь их л сонин санагдав.



Алтай Таван Богдоос Хотон нуурыг зорив. Замд эртний түрэгийн үеийн хүн чулуун дурсгалууд, булш, хэрэгсүүр олноор тааралдаж байлаа. Мөн замд мөнх цаст уулнаас эх авдаг сүү шиг өнгөтэй Цагаан гол урсах нь үнэхээрийн сонин.



Урьд хэсгээрээ оройгоороо мөнх цастай модтой уулсаар хүрээлүүлсэн үзэсгэлэнт Хотон нуур нилээд урт бөгөөд их загастай гэх юм билээ.



Дараагаар нь нуурын цаана, хилийн наах нь байдаг Бага Түрэгийн хүрхрээ дээр хоноглов. Хэмжээгээрээ Орхоны Улаанцутгалангаас нэг их дутахгүй санагдсан. Хүмүүс сүүлийн үед их очих болсон гэнэ. Энэ хүрхрээ магадгүй Монголын хамгийн баруун талынх байх.



Баян-Өлгий аймгаар явахад хүмүүсийн аж амьдрал, хэл соёл нь нэн өвөрмөгц. Монголоор тэр бүр ойлгохгүй. Хүн ард нь их эелдэг, ажилсаг. Хадлангийн талбайгаа шуудуу татан услаж, тойруулаад чулуун хашаа барьсан, өвөлжөөнийхөө хөрзөнг дөрвөлжлөөд хураасан байх юм. Баян-Өлгийд тарвага их элбэг. Алтайн том биетэй тарваганууд машинд дайруулчих гээд, хээр унтахад өглөө үүрээр майхны дэргэд хошгироод унтуулахгүй ёстой “ядаргаатай”.



Өлгийгөөс Улаангом хүрэхэд 2 өндөр даваа давна. Даваанаас уруудах зам ихээхэн огцом тул онгоцоор доошилж байгаа юм шиг чих дөжрөх юм билээ.




Наадмын амралтын өдрүүд таарсан учраас Увс нуурын эргээр хүн олон байлаа. Монголын хамгийн том энэхүү нуурын цаад тал нь харагдахгүй тул гадаад далайн эрэгт байгаа мэт сэтгэгдэл төрж байв.



Хяргас нуур бас л нэг иймэрхүү.



Хяргас нуурын эргээс шууд Завханы Улаагчийн хар нуурыг зорин хөдөлсөн бөгөөд замдаа хагас дугуй хэлбэртэй өндөр элсэн манханы доороос эх аван урсах Мухарын гол дээр очив. Гол элсэн дээгүүр урсах бөгөөд эргээрээ өтгөн бургасан шугуйтай юм билээ.



Хамт явсан нөхөр маань Мухарын голын зургийг дроноор авсан нь.



Мухарын голоос Улаагчийн Хар нуур орохдоо өндөр уулын орой дээр байх байгалийн чулуун хаалга мэт Сэнжит цохион дээр очив. Байгалийн энэхүү өвөрмөц “хаалга”-аар машин чөлөөтэй багтана. Эндээс ойр хавийн зүйлс үнэхээрийн гоё харагдаж байв.



Улаагчийн хар нуур нь байгалийн зүйрлэшгүй үзэсгэлэнтэй тогтоц юм. Хойд талын эрэг нь том том элсэн манханууд учир их сонин. Нуурыг үзэх гэж хүмүүс их очих болжээ. Энэ нуурын талаар сүүлийн үед их  бичиж зургийг нь янз бүрээр авч тавих болсон тул нуршаад яахав.



Улаагчийн Хар нуураас Хангайн нурууны оргил Отгонтэнгэрийг зорив. Надад нэрийг нь хайрласан Монголын энэ сайхан нурууны ноён оргил Отгонтэнгэр Богд Очирвааний талаар их бичсэн байдаг тул нэмж бичихэд их хэцүү.




Отгонтэнгэрээс Архангайн Цахир сум орохоор хөдөлж Бумбатын голыг өгссөөр өндөр даваа давахад бэлд нь бороо, даваан дээр цас орж байлаа. Зуны дунд сард цасан дундуур явах нь бас л сонин байв.



    Юутай адилхан байна?



Ер нь Завхан аймагт үзэж сонирхох зүйл их юм билээ. Жишээлэхэд Завханы Баянтэс суманд модноос эвэр ургадаг гэнээ.



Ийнхүү хэдэн өдөр баруун аймгуудаар аялахад эх орныхоо сайхан байгалиар бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж байлаа. Харин нэгэн зүйлд сэтгэл их зовж байв. Монголчууд бид хогоо замбараагүй хаях юм. Архины шил, пивоны лааз, ундааны сав, гялгар уут бараг хаа сайгүй тааралдана. Овоонууд “хогийн цэг” болжээ.  Ингэж уул овоогоо “тахиад” яах ч юм билээ. Зарим газар хогийн цэг байгуулсан ч хогоо хамаагүй хаях юм гэж байгаль хамгаалагчид халаглан ярьж байлаа. Гэхдээ засрах байлгүйдээ гэсэн өөдрөг сэтгэлээр тэмдэглэлээ өндөрлөе.


Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.