Сүүлд шинэчлэгдсэн: 50 минутын өмнө
“Амьд гарахыг даалгаж байна”

Москвад нэгэн номын дэлгүүрт Монголтой холбоотой номнууд үзүүлэхийг хүссэн чинь Антон Ильин гэдэн хүний бичсэн “Приказано выжить” (“Амьд гарахыг даалгаж байна” гэж орчуулмаар юм уу даа) нэртэй романыг заахаар нь аваад ердөө хоёрхон өдрийн дотор амтархан уншиж дуусгав.

Ардын хувьсгалын дараахан залуу чекист Павел Платов хэсэг нөхдийн хамт төвийнхөө даалгавраар хувьсгалын эсэргүү догшин харгис Жа лам Дамбийжааг устгах, Барон Унгерний нуусан алт эрдэнэсийг олохоор Монголд ирнэ. Төвийн даалгаврыг биелүүлэхийн тулд Монголын дотоодын хамгаалахынхантай хамтран Нийслэл Хүрээнд үүрлэсэн Японы болон Германы тагнуулуудтай үзэлцэж байгаа, Жа ламын хэрэм цайзыг дайран эзэлж түүний толгойг тас цавчин зүрхийг нь сугалж байгаа зэрэг сонирхолтой үйл явдлууд энэ номонд шат дараалан өрнөнө. Мөн хайр сэтгэлийн тухай ч өгүүлдэг. Иргэний дайны үед сураг нь тасарсан үзэсгэлэнт бүсгүй Ольгагаа олж авдаг ч харамсалтай нь тэрээр Платовын өвөр дээр амьсгаа хураана.

Энэхүү ном түүхэн бүтээл биш уран зохиол учраас түүнд бичсэн бүрийн үнэн худлыг ялгах аргагүй, шаардлага ч байхгүй. Гэхдээ XX зууны эхэн үеийн Монголын амьдрал, болж буй үйл явдлыг тун сонирхолтой харуулжээ. Жишээ нь, Баруун Монголын засаг захиргаа - худалдааны томоохон төв болох Ховд хотын аж байдал, хотыг 1912 онд монголчууд Дамбийжаагийн удирдлага дор хэрхэн дайран эзэлж байгааг бараг нүдэнд харагдтал бичсэн байна. Ховдыг чөлөөлсөн нь үндэсний эрх чөлөөний төлөөх хөдөлгөөний хамгийн чухал үйл явлын нэг байсан бөгөөд энэ онд тус хотыг чөлөөлсний 105 жилийн ой ч болох юм. Иймд уг номны Ховдыг чөлөөлсөн үйл явдлыг харуулсан хэсгийг орчуулан толилуулж байна. Хэрэвзээ уншигчид сонирхон таалбал уг номыг бүхэлд нь орчуулж болох юм.
***
...Гадаад Монголын худалдаа наймааны гол төв болох Ховдын цайзыг бүслээд 45 хонож байв. Дайн тулаанд хоёр тал хоёул тамирджээ. Хятадууд бууж өгөх нь үхэлтэй адил  гэдгийг мэдэж байсан тул уурлаж хилэгнэсэн муур адил улангасан тулалдаж байлаа. Тэд Манжуураас тусламж ирэхийг хүлээх аж. Өлөн зөлөн, зэр зэвсэг муутай талын монголчууд энэ халдашгүй цайзыг нэвтлэн орж чадахгүй гэдэгт хятадууд итгэлтэй байв.
   
Монголчууд ч дуртай дургүй тулалдаж байлаа. Дэлхийг эзэгнэгч Чингис хаан өөрийн ялагдашгүй дайчин цэрэг эрсийнхээ үр садыг ингэж тулалдаж чадахаа больсныг харах юм бол лав яс нь өндөлзөх байсан байх. Монгол цэргүүдийг ташуураар далайлган хүчээр тулалдуулж байв. Хуучирсан зэр зэвсэг, байлдах арга барил байхгүй учир цэргүүдийн төмөр мэт сахилга бат ямар ч нэмэр болохгүй байлаа. Жа ламын ид шидэнд итгэх итгэл, хэрцгий цааз шийтгэл байгаагүй бол монгол цэргүүд аль хэдийн нутаг хошуу руугаа тараад алга болчих байсан биз. Амарсанаа баатрын үр удам гэх тэрээр үүнийг сайн мэдэж байлаа. Монголын хаан ширээнд суух гэсэн Жа ламын мөрөөдөл төдийгүй амь нас дээсэн дөрөөн дээр байв. Тэрээр Ховдыг дайлаар авч чадахгүй бол айж бэмбэгнэсэн цэргүүд нь түүнийг хятадуудад барьж өгөхөд бэлэн байлаа. Их сайндаа тэрээр үйл явдлыг хэрхэн өрнөхийг тэндээс холгүй ажиглаж байсан оросуудын гарт орох байсан биз.
   
“Догшин их Махгал бурхан тал нутаг, шарын шашныг хамгаалагчдаа ивээлээ” – хэмээн Жа лам майхан руугаа руу очихдоо дотроо бодон инээмсэглэв.
   
Асрыг хамгаалан зогсож байсан цэргүүд Жа ламыг хүрч ирэхэд бүгд өвдөг сөхрөн угтлаа. Асар дотор түүнийг Магсаржав болон цэргийн бусад дарга нар хүлээн зогсож байв. Дамдинсүрэн Амарсанаа баатрын хойд дүр болох түүнд нэгэн бичгийг өвдөг сөхрөн гардууллаа. Энэ нь монгол цэргүүдийн олзолж авсан Ховдын манж амбангийн бичиг байсан юм. Жа лам өгсөн бичгийг анхааралтай уншив. Уг бичигт хятадуудын сум хэрэгсэл дуусах дөхөж, дөнгөж дөчин мянган сум үлдсэнийг дурьдсан байлаа. Цугларсан бүх хүн таван мянган монгол цэргийн удирдагчийг юу хэлэхийг хүлээн үг дуугүй хүндэтгэн хүлээнэ. Гэтэл Жа ламын царай гэнэт гэгээн хувилгааны дүр аятай гэрэлтлээ.

-Гарз хохиролгүйгээр хятадуудын сүүлийн сумыг нь барагдуулъя - хэмээн Жа лам итгэлтэйгээр хэлэв.

***

Сүүлнээс нь асч байгаа бамбар уясан хөгшин болоод өвчтэй олон тэмээний буйлах их дуу чимээ галт уулын оргилон буцлах халуун хайлмаг адил нөмрөн ирэв. Тэдгээр олон тэмээний дуу чимээ нь тамын аймшгийн айдас хүйдсийг санагдуулахаар байлаа. Тэмээ унасан айж дагжсан хэдэн монгол тэмээн сүргийг Ховдын хэрэм рүү туув. Хятадууд энэхүү аймшигт үзэгдлийг харж тэсэлгүйгээр бага оврын хуучны үхэр буу болон маузер карабинаар буудаж эхэллээ. Монголчуудын сэдсэн биелж, хятадууд сүүлийн сумаа барж эхлэх нь тэр.
   
Жа лам цэргийн дарга нарынхаа хамт бүслэгдсэн хотын хойд талын уулын оройгоос энэ бүхнийг ажиглаж байлаа. Түүний нүүр царай нь ямар ч сэтгэлийн хөдөлгөөнгүй, бодол санаа нь алсад одож, маань амандаа шивнэн суув. Үүр цайхын өмнө галт бамбарууд унтарч, буун дуу намжлаа.

“–Давшъя” хэмээн Жа лам уулын оройгоос асар руугаа буунгаа хэлэв.

***

Өглөөний зургаан цаг гэхэд монгол цэргүүд үүрээ сэндүүлсэн зөгий адил дүнгэнэлдэж эхэллээ. Олон янзын цэргүүд дотор гол цохилтын гол цөм болох ёстой сайтар зэвсэглэсэн Магсаржавын цэргүүд онцгойрон ялгарч байв. Тэдгээр цэргүүдийг орос зааварлагч офицерууд заан сургасан ба морьтой тулалдах арга барилд суралцсан байв. Сэлмээ гялалзуулж, бердан буугаа агссан тэр цэргүүд Жа ламын туган дор энэ тэндээс ирсэн жирийн ард эрсийн дэргэд бараг бурхад адил харагдаж байлаа. Жирийн ард эрсийн халцарч гуужсан морьдыг хараад дарга нарт нь эдгээр “дайчин морьдыг”, заазлах хүсэл төрж байв. Магсаржав гүн ард эрсийг явгалуулан байлдуулах тушаал айлдлаа. “Монгол орныг чөлөөлөгч” эдгээр цэргийн зэр зэвсэг бүр их сэтгэл зовоож байлаа. Зарим нэг нь өвөг дээдсээс нь үлдсэн жадтай ирж, зарим нь урьд насандаа Чингис хааны Хятадыг байлдан дагуулах аян дайнд оролцож байсан гэж итгэн сүсэглэж нум сумаа ч авчирсан байх шиг. Эдгээр дайчдын дийлэнх хэсэг нь бороохой шийдмээр зэвсэглэсэн байхад хамгийн гайгүй нэг нь хуучин цахиур буу авчиржээ.

Магсаржав гүний цэргээс гадна Богд хааны нийслэл Өргөөгөөс илгээсэн Дамдинсүрэнгийн 50 орчим барга цэргүүд байсан ба тэд толгойгоо боосон цагаан туузаар ялгагдана. Тэд цагаан өнгийг сонгосон нь санамсаргүй хэрэг биш байсан бөгөөд цагаан өнгө нь хятадуудын хувьд гашуудлын билэгдэл юм.

“Хятадуудын үхэр бууны галын дор энэ их хүнэн сүрэг зугтаад алга болбол хэдхэн эр зоригтнууд юу хийж чадах билээ дээ. Иймээс цэргүүдийн дайтах онгод хийморь, ташуурын сахилга бат хоёрт л найдах хэрэгтэй болох нь” гэж Жа лам бодоод бүгдийг чимээгүй болох дохио өгөв.

Цэргүүдийн дайтах хийморийг сэргээхийг нэгэн туульчинд тушаав. Сөөвгөр ямаан сахалтай туульч залуу цэргүүдэд “Бум-Эрдэнэ” дууг хайллаа. Туульч цэргүүдийн онгод хийморийг сэргээв бололтой. Ялалтанд эргэлзэж байгаа хэсэгт нь хандаж Магсаржав:
   
-Ард олон, сүсэг бишрэл маань бидэнтэй хамт байгаа цагт бид заавал ялах болно! Дайсны сумаас айхгүйгээр зоригтой тулалдъя! Ухрах юм бол хэрмийг эзлэн авах төлөвлөгөө нурна. Ухарсан хүн бүрийг хатуу ширүүн цааз хүлээж байгаа шүү - гэж айлдав.
   
Магсаржавыг үг хэлсний дараа Жа лам жагссан морин цэргүүдийн өмнүүр морьтойгоо гарч ирэв. Түүний харц нь цэргүүдийн толгой дээгүүр чиглэсэн байх бөгөөд энэхүү агшинд тэрээр шарын шашныг хамгаалагч хилэнцэт догшин бурхантай адил сүртэй харагдаж байлаа.

-Ум ма ни бад ми хум - гэж Жа лам цэргүүдийг адислахад тэд ламын үгэнд сүсэглэн мөргөв.

Толгойгоо цагаан туузаар боосон Дамдинсүрэнгийн барга цэргүүд хэрмийн зүүн хананы харалдаа учраа олон жагсаж чадахгүй будилж байсан урианхай цэргүүд дээр давхин очлоо. Халх, урианхай явган цэргийн ард Тогтох гүний морьт цэргүүд гинжин байдлаар жагсав.

Хэдхэн цагийн өмнө тэмээнүүдийг буудахыг Жа ламын ажиглаж суусан тэр уулан дээр утаа гарлаа. Энэ бол монголчуудын бишрэн дээдэлдэг Жалханз хутагтын сор залах ёслол төдийгүй мөн дайралтыг эхлүүлэх дохио байв.
   
-Ум ма ни бад ми хум - гэж Жа лам дахин маань уншив. Магсаржав Тогтох гүний морин цэргийн даргад дохио өгөхөд морьтон цэргүүд явган цэргийн араас ташуурдан дайралтанд хөөн оруулав. Үхтлээ айсан, жад бороо шийдмээр зэвсэглэсэн явган цэргүүд хэрмийн хана руу гүйлдэн дайрлаа. Үнэн чанартаа энэхүү“сэтгэл зүйн дайралт” нь өнгөрсөн шөнийн хэрэм рүү туудаг тэмээн сүргээс ялгагдах юм бараг байсангүй, галыг өөр дээрээ татах л зорилготой байлаа.

***

Ховд хотын Маймаачин хороолол эл хуль болон эзгүйрчээ. Бүслэлт эхлэхийн өмнө гурван мянган оршин суугчтай энэ хотын ихэнх нь чухам энд амьдардаг байсан юм. Харин одоо хятад худалдаачдын ихэнх нь хэрмэндээ орогнон нуугджээ.
   
Гэр орон, хоршоо дэлгүүрээ сүйрүүлчихгүйн тулд зөрж зориглосон хэсэг хятад худалдаачид Маймаачинд хамгаалалт хийн үлдсэн байв. Хэрмээс хүчтэй галлан худалдааны зах руу дайрч байсан дайралтыг няцааж байсан болохоор тэнд байсан хятад худалдаачид тэрүүхэндээ хамгаалж чадаж байсан юм.
  
Хятадууд хэрмийн харуулын цамхгаас үхэр буугаар галлан монгол цэргүүдийн эхний дайралтыг няцаах нь тэр. Монгол цэргүүд ухран гүйлдэв. Гэвч энэ ухралт удсангүй.

Тогтох гүний морин цэрэг дахиад л явган цэргүүдийг ташуурдан дайралтанд туун орууллаа. Айж сүрдэн тал руу оргохыг завдсан монгол цэргүүд морин цэргийн карабин бууны суманд өртөн алуулж байв. Эдгээр бууг хэдэн өдрийн өмнө бүслэгдсэн Ховд хотын хятадуудад туслахаар ирсэн манж цэргийн отрядыг бут цохих үед Жа ламын морин цэргүүд олзолж авсан юм.
   
Улангассан монголчуудын хоёрдахь дайралтыг хэрмийг хамгаалагчид тогтоож дийлсэнгүй. Монголчууд мод, бороохой шийдмээ эргүүлэн Маймаачин руу дайран ороход гарт тааралдах бүхнээрээ зэвсэглэсэн хятадууд ширүүн эсэргүүцэж угтав. Тэд хоёр гурваараа нийлж зэв идсэн том, жижиг үхэр буунууд чирэн авчирч буурал үст хятадынхаа дохиогоор амбасын үеийн эдгээр үхэр буундаа асаасан бамбарыг нэгэн зэрэг хүргэхэд чих дүлийрэм дуу ниргэж дарийн утаа бүрхлээ. Худалдааны өргөн гудамж амь үрэгдэж, шархадсан цэргүүдээр дүүрэв. Монгол цэргүүд зугтлаа.

Хэрэм доторх хятадууд өөрсдийн шилдэг цэргүүдээ хэрмийн баруун хана руугаа яаралтай шилжүүлэв. Хятад цэргийн дарга нар Ховд хотын гол хаалганы тэнд дайрч байгаа монгол цэргийн үндсэн хүч төвлөрж байна гэж үзжээ. Хэрмийг хамгаалагчдын энэ сэлгээг Дамдинсүрэн ашиглав. Түүний барга цэргүүд Ховд хотын баруун талаас довтолж, араас нь урианхай цэргүүд дэмжлээ. Том том сүх барьсан биерхэг цэргүүд ханыг сүхээрээ цохин нурааж эхлэв. Монголын тал нутагт барилгын материал нэн ховор учир олдсон бүхнээр шавж барьсан хэрмэн хана толгойдоо цагаан туузтай баатруудын түрэлтэнд амархан нурах нь тэр. Нөхдөө хамгаалж байсан барга цэргийн мэргэн сум хэрмийн сэтлэлтийг зогсоох гэсэн хятад цэргүүдэд ямар ч боломж олгосонгүй.

***

Энэ үед хэрмийн зүүн хананы тэндэх давшилтыг Жа лам, Магсаржав нар биечлэн удирдаж байлаа. Морин цэрэг сэлэм, ташуураа эргүүлэн явган цэргүүдийг дайралтанд оруулав. Энэ удаад хэрмийг хамгаалагчдийн тэсвэр тэвчээр барагдан эмх замбараагүй буудаж эхэллээ. Хятадууд амиа аврах үүднээс үхэр буунуудаа хаян хэрмийн гол хаалга руу гүйлдэв. Тэд харуулын цамхгаас үхэр буугаар буудах нь ч цөөрлөө. Тэдний сум ч дуусах дөхжээ. Монгол морьт цэргүүд зам тавьж өгч амжаагүй зарим нэгийгээ мориороо гишгэчүүлэн явган цэргийн дундуур зүсэн орлоо. Бага зэрэг нээгдсэн гол хаалганы дэргэд бөөгнөрч байсан заналт хятадууд руу тэдний дайран орох нь хялбархан олз руу дайрч буй анч бүргэд адил харагдаж байв. Хятад гарнизон гол хаалгаа хаахыг оролдсон хэдий ч аврал эрэн гүйх хятадуудын түрэлт, тэднийг цавчин дайрах монгол морин цэргийн дайралтанд өртөн дэлгэгдлээ. Жа лам, Магсаржав нар морин цэргүүдээ манлайлан хэрэм рүү орж хятад шавар байшингуудын тэнд галын байрлал эзлэв. Хэрмийн хананаас буудаж байсан манж цэргүүдийн эсэргүүцлийг дарах хэрэгтэй байсан юм. Морин цэргийн араас явган цэргүүд ч ороод ирэв. Айснаас болж ухаанаа тавьсан тэр цэргүүдийн хувьд тулалдаан аль хэдийн дууссан аж. Дээд тушаалын дарга нар хятад гарнизоны үлдэгдлийг устгаж, өөрсдөдөө олз олж авахаас нь урьтаж хүн бүр илүү олз хүртчихийг санаархаж байлаа.
   
Хэрвээ Пушкин ариун явдалт бүддист сүсэгтэн олны Ховд хотод хийж буй энэ үйлдлийг харсан бол оросуудын харгис хэрцгий бослогын талаар хэлсэн өөрийн үгнээсээ буцах байсан байх. Гэхдээ монголчуудын энэхүү бослогыг бас утга учиргүй ч гэж хэлж болохгүй. Тэд олон зуун жил дарлан доромжилж байсан хятадуудаас өшөөгөө авч байгаа нь энэ. Орон гэрээ хамгаалах гэсэн настай хятадуудыг мод шийдмээр цохин алж, хятад бүсгүйчүүдийн залуу сайхан биеийг хүчиндэн бузарлаж, эсэргүүцсэн бүхнийх нь хоолойг хэрчин алж байв.

Дээрэм тонуул ид гаарч байх үед хэрмийн гол хаалгаар шинэ хүч дайран орж ирэн үйл явдлын төгсгөлийг эрс өөрчилж орхив.

***
 
Орос консул Кузьминскийн удирдсан казак цэргийн зуут “Хурдал, хурдал” гэж исгэрч хашгирсаар Ховдын худалдааны гол гудамжаар давхин орж ирэв. Тэдний энэ дуу чимээ Европ, Азид дайснууддаа айдас хүйдсийг төрүүлж байсан юм. Хятад, монголчуудын аль аль нь казак цэргүүдийг саадгүй нэвтрүүлэв. Цагаан хааны цэргүүд хэнд ч дийлдэшгүй бөгөөд тэдэнтэй орооцолдохгүй байсан нь дээр гэдгийг бүгд мэдэж байлаа. Казак цэргүүд худалдаачин Асанов, Кузнецов болон бусад орос худалдаачдын гэр оронг хамгаалалтандаа авлаа. Тэдний гэр орон, амь нас дайралтын үед ямар ч гарз хохирол амссангүй. Орос консул Кузьминскийн казак цэргүүд Ховдын бүслэлтийн үеэр хотоос дөч орчим бээр газар байрлаж байсан юм. Тэд монголчуудыг өөрсдийн холбоотон гэж үздэг байсан бөгөөд учир нь хятадуудын ар талд Орос улсын мөнхийн өрсөлдөгч эзэн хаант Япон улсын сүүдэр тодхон харагддаг аж. Хэдэн өдрийн өмнө хэрмийг буулгаж авах талаар хэлэлцээ хийх гэсэн оролдлого нь бүтэлгүйтсэнийг эс тооцвол оросууд өнөөдрийг хүртэл тэр мөргөлдөөнд хөндлөнгөөс оролцоогүй байсан юм.

Консул Кузьминский черкес хувцас, мөнгөн бүс, папах малгайгаа тусгайлан өмсч, арван казак цэрэг дагуулан Жа лам дээр очив. Жа лам Ховдын цайз бууж өгөх тухай мэдээг хүлээн сууж байлаа. Цайз эзлэгдсэн гэдэг нь ямар ч эргэлзээгүй байсан аж. Дамдинсүрэнгийн барга цэргүүд амьд үлдсэн хятадуудыг өмнөд дуган руу хөөн оруулж тал бүрээс нь галдан шатаав. Хэрмийг хамгаалагчид үндсэндээ бут цохигджээ. Зөвхөн хятад амбаны өргөөнд цөөн нөөц цэргүүд үлдсэн аж. Эдгээр нь европ маягаар хувцаслаж, япон сургагчдаар бэлтгэгдсэн дөчин шилдэг хятад цэрэг байв. Тэдгээр цэргүүд үргэлжлүүлэн удаан тулалдаж болох байсан хэдий ч хятад амбан амиа аврахын тулд зэвсгээ хураалгахыг тушаав. Хятад офицер цэргүүдийнхээ хамтаар тушаалыг үг дуугүй хүлээн авч хуаран руугаа явцгаалаа. Япон сургагчдын бий болгож өгсөн нэр төрөө гэсэн сэтгэлтэй хятад цэргүүд бууж өгнө гэсэн бодолгүй байсан юм. Ховдын цайзны сүүлийн хамгаалагчид зэвсгээ хураалгалгүйгээр өөрсдийгөө хар тамхиар хордуулан үхэцгээв.
   
Амбангийн туслах Сурган-бао бууж өгөх хэлэлцээ хийхээр дээрэмдүүлэн тонуулж, гал дүрэлзсэн хотын дундуур цагаан дарцаг өргөн явсаар Жа ламд дөхөж ирэн өвдөг сөхрөн сөгдлөө. Хятад амбаны элч оросын консул Кузьминскийд ойлгуулах үүднээс оросоор ярьж эхлэв.

-Амбан, түүний гэр бүл, хятад түшмэд өөрсдийгөө орос консулын хамгаалалтанд өгөхийг хүсч байна. Үлдсэн хятад иргэдийн амь насыг хэлтрүүлэх юм бол цайз бууж өгөхөд бэлэн байна - гэлээ.

Жа лам оросоор маш сайн ярьдаг хэдий ч монголоор:

-Ёсоор болог. Үхлээс бусад нь хурдан дуусч байвал сайн. Цус хангалттай урслаа - хэмээн хэлэв.

Үйл нь ирсэн хятадуудын болзлыг Жа лам шууд хүлээн авсан нь түүний сайн санааны илрэл биш байсан юм. Тэрээр цайзын сүүлийн хамгаалагчид амиа хорлосныг мэдээгүй байсан ба цаашид цус асгаруулахгүй байх нь илүү ашигтай гэж үзжээ. Хятадуудыг буулгаж авсан Амарсанаагийн үр удам бодол санаандаа ялалтаа тэмдэглэж суув. Энэ баяр хөөрийн гэрч болох хятадууд амь аврагдах тавилангүй байжээ.

***

Ховдыг эзлэн авснаас хойш хоёр долоо хоногийн дараа ялалтын туг тахих ёслол эхлэв. Энэ үед монголчуудын үзэн яддаг байсан цайзын хэрмийн хана бараг бүхэлдээ нуржээ. Баян хятадуудын орон байр үнсэн товрог болсон ба дээрэмдэж тонуулсан хятад сүм энд зөвхөн амьд бурхан Жа лам л үлдсэн гэдгийг өгүүлэх мэт харагдаж байлаа.
   
Эзгүйрч хоосорсон цайзнаас холгүй байх монгол цэргийн хуаран дунд туг тахих ёслол үйлдэх тусгай талбай засчээ. Талбайн голд ёслолын түүдэг асаахад бэлэн болсон байв. Аймаар их дуу чимээтэй хүмүүсийн цуваа түүн рүү чиглэн яваа харагдана. Өмнө нь өнгө өнгийн дээлтэй лам нар явж байлаа. Тэдгээр лам нар хүний арьсаар татаж хийсэн бөмбөр нүдэж, адын тэнгэрт зориулсан цус хийсэн зан үйлийн сав авч явав. Араас нь тусгай тавцан дээр залсан сор авч яваа харагдана. Жалханз гэгээний дохиогоор торгон дээлтэй нэг лам түүдгийг асаахаад гал тэнгэр өөд цойлов. Хятадуудын хүчийг доройтуулах зорилгоор залсан сор галд шатан алга болох нь тэр. Лам нарын онгод орж түүдгийг тойрон цамын бүжиг хийв. Бүрээ, бөмбөрийн дуу маш их чимээ гаргаж байлаа. Энэ бол ёслолын эхлэл байв. Нигүүлсэнгүй Жалханз гэгээний гүйцэтгэсэн эхлэл дуусч Жа ламын ээлж болов.
   
Түүдгийн дэргэд эртний төрийн гурван салаа мөчрийн төлөөлөл цуглажээ. Бошгууд тахил өргөх ёслолд бэлтгэж, цэргүүд энэ үйл явцыг тэвчээртэй ажиглан зогсч, харин хятад худалдаачдыг амиараа туг тахих тавилан хүлээж байв. Ховдын цайзыг дайрах үеэр зугтаж чадалгүй олзлогдсон гучин таван хятад худалдаачид түүдгийн дэргэд хэсэг хонь адил бөөгнөн зогсчээ. Тэдний гарыг ард нь барьж хүлсэн, харин хөл нь сул байв. Хятадуудыг хүрээлэн хулсан саваа, зан үйлээ үйлдэх зориулалттай хутга барьсан лам нар зугтах боломжийг нь хаан зогсчээ. Гэнэт цэргүүд ярагдан Жа лам талбайн голд гарч ирлээ. Тэрээр алтан утсаар хээлж оёсон гоёмсог дээл, цусан өнгөтэй торгон жанч өмсч, толгой нүцгэн байв. Эртний энэхүү зан үйл ёсоор бол туг тахиулах үйлтэн амь аврагдахгүй гэдгээ мэдэж байгаа хэдий ч “амьд бурхан” руу мөлхөн очиж амь гуйдаг ёстой байв. Хятадууд нус нулимс болон хутагтын өлмийд мөргөн овоорч байх зуур тэрээр амгалан тайвнаар тарни уншиж зогсов. Жа лам шарын шашны догшин хутагт адил дайснаа дарах ёстой байсан төдийгүй дайсныхаа үхэхийнхээ өмнө эдлэх зовлон шаналалыг таашаан харахыг хүсч байлаа. Монголчууд Жа ламын хэлсэн тарнийг сонсоод хэрдхийн цочирдов. Түүнийг тарниа уншиж дууссаны дараа тэнд байсан хүмүүс бүрээ, бөмбөрөө дуугарган цааш хөдөллөө.
   
Цувааны эхэнд морьтон цэргүүд хятадуудыг тууж, араас нь Жа лам тэргүүтэй олон лам хувраг бүрээ бишгүүрээ дуугарган явлаа. Тахихаар бэлтгэсэн шинэ тугнуудыг барьж явсан цэргүүд энэхүү үйл явдлын төв нь болж байлаа. Тэдний ард Магсаржав гүн, Дамдинсүрэн нар морьт цэргүүдтэйгээ явна. Цэргүүд эрх мэдэл, олз омгоо лам нартай хуваалцах дургүй байсан болохоор дуугүй явж байлаа. Лам хувраг, цэргүүдийн хоорондын зөрчил энэ удаад улам хурцаджээ. Ховдыг эзлэн авсны дараа Богд гэгээн Жа ламд урт шар торгон даавуун дээр бичсэн өргөмжлөл ирүүлсэн бөгөөд түүндээ Жа ламд “Догшин ноён хутагт” цол хэргэм олгосныг дурьджээ. Үүнээс гадна тэрээр Ховдын хязгаарт өргөн их газар нутгийг авах хишгийг хүртсэн байна. Ховд хотыг дайлаар авсан явдлыг өөрийн стратегийн ур чадвар, хувийн эр зоригийн үр дүн хэмээн үзэж байсан Магсаржав илүү бага хэргэм цолыг хүртжээ. Түүнд 4-р зэргийн ван хэргэм, “Хатанбаатар” цолыг хүртээсэн байна. Хоёр бөхтэй тэмээтэй ламд илүү эрх мэдэл, алдар цолыг олгосонд “Манлайбаатар” цол хүртсэн Дамдинсүрэн ч дургүй байлаа. Магсаржав, Дамдинсүрэн хоёр Жа ламыг нэр алдарт хүргэсэн хоёр тэмээтэй өөрсдийгөө адилтган бодож байлаа. Тэр хоёр удахгүй болох туг тахих ёслолд өөрчлөлт оруулахаар шийдэн хоорондоо шивнэлдэв.



***
   
Лам нар болон цэргүүдийн араас маш олон хүмүүс дагалдан явав. Хүмүүсийн цуваа хоёр мод орчим газар явсны дараа Жа лам туг тахих ёслол хийх тохиромжтой газрыг заахад цуваа зогслоо. Тэр газар дахин нэг түүдэг гал асаав. Лам нар олзлогдсон хятадуудын хувцсыг тайчиж нүцгэлэхэд тэдний биен дээр нь олон тооны хөх няц, шарх сорви бий болсон байв. Олзлогсдын эрүү нь тэнгэр өөд харж, цээж нь урагш түрж байхаар хөл гарыг нь нурууны ард нь нугалж урт хар гэзэг үсээр нь холбон хүлэв. Бөмбөр дахин нижигнэх нь тэр.
   
Жа лам урагш гарч ирлээ. Тэрээр зүүн гартаа хадууран хэлбэртэй тахилгын хутга барьсан бөгөөд ам нь шарын шашны дайсны зүрхэнд шигтэхэд бэлэн буй Махгал бурхны ам адил ихэд ангайжээ. Ламтан хоёр монгол лам сайтар барьж байсан эхний хятад руу хүрч очин нөгөө хутгаараа цээж рүү нь эгшин зуур дүрж орхилоо. Жа лам баруун гараараа зүрхийг нь суга татан гаргаж ирэхэд нөгөө хятадын хашгирах дуу замхраагүй л байв. “Амьд бурхны” туслахуудын нэг түүнд хүний гавлын ясаар хийж мөнгөлсөн аягыг барихад Жа лам сугалсан зүрхийг аяганд хийлээ. Өөр нэгэн зарц догшин эзэндээ бийр өгөхөд тэрээр цагаан туган дээр догшин бурхдад хандсан тарнийг зүрхнээс дуслах цусаар бичив. Энэ хооронд лам нар үхсэн хятадын толгойг өвчин гавлын ясыг нь нямбай гэгчээр нээгээд бүлээн тархийг нь ухаж аваад нөгөө аяга руу хийчих нь тэр. Дараагийн хятадын ээлж ирлээ... Ингэж ялалтын таван тугийг тахиад үлдсэн биесүүдийг нь түүдэг галд шатаав.

Энэхүү ёслолыг холхноос харж байсан Магсаржав ван Дамдинсүрэн вангийн чихэнд нэг юм шивнээдхэв. Дамдинсүрэн ван өөрийн шилдэг барга дайчдын нэг болох Гэндэн гүнийг дохин дуудаж нэгэн тушаал өгсөн ч бишгүүр бөмбөрийн маш их дуу чимээнд чухам юу хэлсэн нь сонсогдсонгүй. Гэндэн гүнийг дохио өгөхөд арван морьт цэрэг түүнийг даган ариун үйлдэл хийж байсан лам нар дээр очив. Жа лам энэ мөчид зургаа дахь тугийг тахиад дуусч байлаа. Тэрээр хятадуудтай худалдаа наймаа эрхэлдэг байсан мусульман шашинт нэгэн сартуулаар туг тахиж цусаар нь туган дээр тарни бичиж байлаа. Жа лам хүний ясаар хийсэн шөвгөөр тэр хүний судсыг хатгаад булгилан гарах цусанд бийрээ дүрж байв. Тэр сартуул амь тавихын өмнө Аллах бурхнаас аврал эрж байлаа.
   
Гэндэн гүний барга цэргүүд лам нар руу давхин ирэхэд ёслолын ажиллагаа зогсов. Тэрээр Магсаржав, Дамдинсүрэн нарын тушаасан үгийг чангаар хашгиран:

-Больцгоо! Жалханз гэгээн олзлогсдыг амьд үлдээ гэж айлдлаа! Тахил өргөх ёслолыг ариун гэгээнтний зөвшөөрөлгүйгээр шарын шашны хууль номыг зөрчин хийж байна!- гэв. 

Тэд Жалханз гэгээнтний нэрийг барин лам нарыг хооронд нь хагаралдуулахаар тооцоолжээ. Жалханз хутагт Жа ламын энэ цуст ажиллагаанд оролцохыг хүсээгүй тул Шар сүмийн хийдэд үлджээ.
   
Чив чимээгүй болж, зөвхөн адуу янцгаах, ээлжээ хүлээн ёолох хятадуудын бүдэг бадаг чимээ сонсогдож байсан боловч энэ нам гүм удаан үргэлжилсэнгүй. Түүдэг галыг манаж байсан нэгэн лам дараагийн хятад руу очин түүний толгой дээгүүр хутгаа далайн:

-Амарсанаагийн хойд дүр, Жа богд лам эрт дээр үеийн заншлаар, нууц домгийн шаардлагын дагуу тахилгын ёсыг үйлдэж байна. Түүний лүндэн бидний хувьд хамгийн эрхэм зүйл! – хэмээн Гэндэн гүнд хэлэнгүүтээ хутгаар нөгөө хятадын өрцийг хүү татан зүрхийг нь суга татан гаргаад ирлээ. Тэр ламын ариун онгод нь оров бололтой хэсэг махыг нь аваад үнхчихэв. Ламтан махыг зажлан идэхэд цус түүний эрүүг даган урслаа. Тэнд байсан монголчууд энэхүү үзэгдлийг айдас хүйдэстэй харж зогсов.
   
-Догшин Махгал бурхан шарын шашны дайснуудыг ингэж гэсгээхийг айлдсан юм – гэж тэр лам хэлээд сугалсан зүрхийг залгив. Гэндэн гүн бүснээсээ гар буугаа суга татан ламыг буудахад тэр лам амьгүй болсон хятадын дэргэд үхэдхийн унав. Хүмүүс шуугилдаад эхэлсэн боловч хэн ч Гэндэн гүн, түүний барга цэргүүд рүү дайрч зүрхэлсэнгүй. Морьт цэргүүд үүнийг далимдуулан лам нарыг олзлогдсон хятадуудаас холдуулах гэж зүтгэв. Гэнэт тэдний урдуур Жа лам гарч ирэхэд цугларсан хүмүүсийн анхаарал дээд зэргийн нэр нөлөөтэй Жа лам болон эр зоригтой дайчин баатар Гэндэн гүн хоёрын сөргөлдөөн дээр төвлөрөх нь тэр. Үнэн хэрэгтээ оросуудын заан сургасан цэргүүд, эсхүл энэ лам бөө нарын хэн нь Монголд эзэн байх юм гэсэн асуудал энэ мөчид шийдэгдэх гэж байв.
   
Гэндэн гүн саарал мориныхоо амыг Жа лам руу эргүүлэн браунинг буугаа чиглүүлэв. Гэвч тэрээр “амьд бурханы” шийдсэн нүд рүү хараад амьдралдаа анх удаа айдас төрснөө мэдрэв.
   
-Хийвэл бүү ай, айвал бүү хий- гэж Жа ламыг хэлэхэд Гэндэн гүн түүний үгийг сайтар сонсоогүй боловч тэр үгс айдсыг нь улам нэмж орхив. Морь, хүн хоёр тушаал авсан мэт ухрахад цугларсан олон мянган монголчууд гэнэт хөдөлгөөнд орж эхэллээ. Цус харж хилэгнэсэн монголчууд баргуудыг шахан түрэв. Лам нарын хутга гялалзаж эхлэнгүүт Магсаржавын морьт цэргүүд бууныхаа замгийг тачигнуулж гарлаа.
   
Тамын гэмээр маш их дуу чимээн дотор Гэндэн гүн зүүн цээжиндээ буудуулж улаан толбо бий болсныг хэн ч анзаарсангүй. Тэрээр үг хэлэх гэсэн боловч чадалгүй үхлийн дуу гарган, мориноосоо гулсан Жа ламын хөлд унахад аймшиггүй зоригт баргууд айдаст автан тал руу давхин одов. Магсаржав, Дамдинсүрэн нарын царай айснаасаа болж цав цагаан болов. Жа лам хараалынхаа ид шидээр Гэндэн гүнийг хөнөөчихлөө гэж бүгд итгэх нь тэр.
   
“Амьд бурхан” бужигнасан олны дунд нүдээ анин тайван аргагүй мааниа уншин зогссоор л байв. Шинэ цусаар тахигдсан тугнууд цэрэг эрсийн дээгүүр намирч цуст ёслол үргэлжилсээр л ...





Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.