Сүүлд шинэчлэгдсэн: Өнөөдөр 15 цаг 19 минут
Анхны Сонгуулийн ерөнхий хороо

Шинэ Үндсэн хуулийн дагуу сонгуулийн ажлыг зохион байгуулахын тулд Улсын Бага Хурал 1992 оны 4 дүгээр сарын 10-нд “Сонгуулийн ерөнхий хороо байгуулах тухай” 18 дугаар тогтоол баталсан учир энэ жил сонгуулийн төв байгууллага байгуулагдсаны 25 жилийн ой болох гэж байна. Үүнээс өмнө сонгуулийн ажлыг хариуцдаг байнгын ажиллагаатай байгууллага, албан тушаалтан байдаггүй байсан бөгөөд сонгууль болох бүрийд зөвхөн тухайн сонгуулийг зохион байгуулах үүрэгтэй сонгуулийн комисс байгуулан ажиллуулдаг байв.



“Сонгуулийн ерөнхий хороо байгуулах тухай” Улсын Бага Хурлын тогтоол.



Анхны Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд Ерөнхийлөгч П.Очирбатын хамт. 1993 он.



Анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойгоор Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн дурсгалын зүйл гардуулж байгаа нь. 2015 он.

Сонгуулийн ерөнхий хороо нь анх 15 хүний бүрэлдэхүүнтэй,  дарга, нарийн бичгийн дарга нь орон тооны, бусад гишүүд нь орон тооны бус байсан бөгөөд бүрэлдэхүүнийг батлахдаа сонгуулийн үйл ажиллагаатай зайлшгүй ажил хэргийн холбоотой төрийн захиргааны, хууль хяналтын, орон нутгийн зэрэг байгууллагын төлөөллийг оролцуулах зарчмыг баримталсан (ер нь одоо ч энэ зарчмаар явж байгаа) тул  миний бие тэр үед Улсын Бага Хурлын Тамгын Газрын орлогч дарга байсан учраас нэрийг минь дэвшүүлсэн хэрэг. 2000 онд миний бие Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар томилогдон ажиллах болсон тул бас дахин Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр сонгогдож байлаа.

Сонгуулийн ерөнхий хорооны даргаар Ардын Их Хурлын депутат, Налайх дүүргийн Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргааны даргаар ажиллаж байсан С.Лхагвасүрэн, нарийн бичгийн даргаар Улсын Бага Хурлын Тамгын газрын ажилтан Д.Баяндүүрэн нар томилогдож байв. Хорооны даргад Тамгын газраас Төрийн ордны 208 гэсэн дугаартай өрөө гаргаж өгсөн бөгөөд тэр өрөөнд  Лхагвасүрэн дарга нилээн хэдэн жил ажиллаж билээ. Улмаар Сонгуулийн ерөнхий хороо өөрийн орон тооны ажилтнууд бүхий аппараттай болсноор одоогийн байрлаж байгаа Засгийн газрын XIII байр руу нүүсэн юм. Ер нь онол, зарчмын хувьд ч гэсэн сонгууль зохион байгуулдаг байгууллага нь сонгогддог хүмүүстэйгээ нэг байранд байх нь буруу л даа. Лхагвасүрэн дарга маань хэд хэдэн сонгууль удирдсан бол Баяндүүрэн өнөөдрийг хүртэл Сонгуулийн ­Ерөнхий хороондоо ажиллаж байна.

Тухайн үед Сонгуулийн ерөнхий хорооны ажлын албаны үүргийг нь Улсын Бага Хурлын, дараа нь Улсын Их Хурлын Тамгын газар гүйцэтгэж байсан юм. Тухайлбал, Сонгуулийн ерөнхий хорооны хэвлэлийн төлөөлөгчийн үүргийг тухайн үед Улсын Бага Хурлын хэвлэл мэдээллийн албаны дарга (дараа нь Улсын Их Хурлын хэвлэл мэдээллийн албанд олон жил ажилласан) Ж.Нэргүйд давхар хариуцуулж, хуульд заагдсан олон дүрэм, журам боловсруулах ажилд Тамгын газрын ажилтнуудыг дайчилж байсны дээр бичиг хэргийн бүхий л ажлыг Тамгын газрын ажилтнууд мөн гүйцэтгэж байв.

Сонгуулийг богино хугацаанд цоо шинэ зарчмаар явуулах шаардлагатай байсан тул Сонгуулийн ерөнхий хороо маш их хүчин чармайлт гарган ихээхэн ачаалалтай ажилласны дүнд 1992 оны 6 дугаар сарын 28-нд болсон  Улсын Их Хурлын анхны сонгуулийг хэл амгүй сайн зохион байгуулсан гэж боддог. Сонгогчдын идэвх ч маш өндөр байж билээ. Эргээд бодоход үүнд тэр үеийн хүмүүсийн идэвх, хариуцлага өндөр, ер нь шударга талдаа байсан нь ихээхэн нөлөөлсөн болов уу.

Улсын Их Хурлын 2016 оны сонгуульд улсын төсвөөс 16,4 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн бол 1992 оны сонгуулийг 21 сая төгрөгийн төсөвт багтаан явуулсан байдаг. Тэр үед төгрөгийн ханш хэдий чанга байсан ч энэ бол их бага мөнгө. Яагаад ийм бага мөнгөөр анхны сонгуулийг явуулж чадсан юм бэ гэвэл маш хэмнэлттэй ажилласнаас гадна төрийн болон орон нутгийн байгууллагууд, тэдгээрийн ажилтнуудын хүчийг үнэ төлбөргүй дайчилсантай холбоотой байсан юм.

Хорин таван жилийн дараах өнөөдрийн өндөрлөгөөс эргэн харахад Сонгуулийн ерөнхий хороо нь өөрийн мэргэшсэн ажилтнууд бүхий аппараттай, гадаадын ижил төрлийн байгууллагуудтай өргөн харилцаатай төрийн мэргэшсэн байгууллага болсон байх тул өнөөдөр ямар ч шатны сонгуулийг дэлхийн жишигт нийцүүлэн явуулж  чадахаар болсон нь үнэхээрийн бахархууштай.

Л.ХАНГАЙ
Сонгуулийн ерөнхий хорооны анхны гишүүн


Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.