Сүүлд шинэчлэгдсэн: 50 минутын өмнө
Хятадуудын “Их нүүдэл”-ээс айх хэрэггүй гэнэ

Үүний өмнө миний бие Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд Хятадын экспансийн талаар тухайлбал Оросын Сибирь, Алс Дорнод руу чиглэж магадгүй хятадуудын “их нүүдэл”-ээс болгоомжилж сэрэмжлүүлсэн нийтлэлүүд их гардаг тухай бичсэн билээ. Гэтэл энэ удаад шал өөр өнгө аястай нийтлэл гарсан байх юм.

Азийн орнууд, ялангуяа Хятад, Энэтхэг тухайн орны хүн ам гэдэг бол атомын бөмбөг, тив алгасагч пуужингаас ч дутахгүй стратегийн зэвсэг (өөрөөр хэлбэл хүн ам нь хэдий чинээ их байна улс орон төдий чинээ хүчирхэг байдаг гэсэн утгаар) хэмээн үздэг учраас өөрсдийн хүн амын тоог албаар ихэсгэн бичдэг тухай Оросын нэгэн сайтад В.Мехов гэдэг хүн сонирхолтой нийтлэл тавьсан байх бөгөөд үүнийгээ тодорхой тоо баримтаар нотлох гэж оролджээ.

Ер нь Азийн орнуудын хүн амын талаарх статистикийн тоо баримт нэн эргэлзээтэй байдаг гэнэ. Хятадын хүн ам:

1845 онд 430 сая
1870 онд 350 сая
1890 онд 380 сая
1920 онд 430 сая
1940 онд 430 сая
1945 онд 490 сая
байсан гэдэг судалгаа байдаг байна. Гэтэл 1939 онд, өөрөөр хэлбэл Дэлхийн II дайн эхлэхийн өмнө Хятадын хүн ам 350 байсан гэх баримт бас байдаг. Иймээс дээрх тоонуудыг үндэслэлтэй гэж үзэхэд тун хэцүү гэжээ.

1949 онд БНХАУ-ыг тунхаглахад хүн ам нь 550 сая байсан гэдэг бөгөөд 2010 оны II дүгээр сард болсон тооллогоор 1 тэрбум 339,7 сая хүн тоологджээ.

Дээрх тоонуудаас их сонин зүйл ажигласан байна. Хятадын хүн ам 1845 оноос 1870 онд буюу 25 жилийн дотор 80 саяар хорогдож 1890 оноос 1920 он буюу 30 жилийн дотор 50 саяар, 1940 оноос 1945 онд буюу ердөө 5 жилийн дотор 60 саяар тус тус нэмэгдсэн байх жишээтэй. Хамгийн сонин нь 1845 оноос 1940 онд буюу 95 жилийн хугацаанд хүн амын тоо огт өөрчлөгдөөгүй мөртлөө 1940 оноос хойш (олон жил үргэлжилсэн Дэлхийн II, Иргэний болоод Солонгосын дайн, өлсгөлөн, “нэг өрх нэг хүүхэд”  гэсэн хүн амын өсөлтийг хязгаарлах бодлого явагдсан хэдий ч) хүн ам нь бараг тэрбумаар өсчээ. Дашрамд дурьдахад Юн Чан, Жон Холлидэй нарын бичсэн “Хэний ч мэдэхгүй Мао” (“Нэпко” хэвлэлийн газраас 2012 онд монгол хэлнээ орчуулан хэвлүүлсэн) номонд Мао-гийн буруу удирдлагаас болж энхийн цагт Хятад улсад 70 гаруй сая хүн амь насаа алдсан гэж бичсэн байдаг.
   
В.Меховын бичсэн нийтлэлд сонин жишээ баримт нилээд дурьдсан байх юм. 1940 онд хүн ам 430 сая байсны тал орчим буюу ойролцоогоор 200 сая нь эмэгтэйчүүд гэж үзвэл тэдний 2/3 нь насанд хүрээгүй охид, эмээ нар, харин хүүхэд төрүүлэх насны эмэгтэйчүүд 70 сая орчим байх нь. 1953 оны тооллогоор 594 сая хүн тоологдсон байна. Ингэхээр 13 жилийн дотор Хятадын хүн ам 164 саяар буюу бараг 1/3-ээр нэмэгджээ. Өөрөөр хэлбэл 13 жилийн дотор нэг эмэгтэй 6-гаас доошгүй хүүхэд гаргаж өсгөсөн байх нь (энэ хугацаанд олон жил үргэлжилсэн дайн, өлсгөлөн болсон гэдгийг дахин сануулъя). Хэвийн нөхөн үржихүйг хангах буюу хүн амын тоог хэмжээнд нь байлгахын тулд нэг эмэгтэй 3-3,5-аас доошгүй хүүхэд гаргах ёстой гэнэ.
   
Бас өөр ч сонирхолтой баримт дурджээ. БНХАУ 2010 онд 546 сая тонн үр тариа хураажээ. Нэг хүний хүнсний хэвийн хэрэгцээг хангахад дундчаар нэг тонн орчим үр тариа хэрэгтэй байдаг. Үүний талыг хүнсэнд (жишээ нь гурил болгоод) хэрэглэдэг, нөгөө хэсгийг нь мал, гахай, шувууны тэжээл болгодог юм байна. Үүнээс үүдээд Хятад улс өөрийн хүнсний хэрэгцээг хангаж чаддаггүй юм байна, эсхүл хэрэв хангаж чадаж байгаа бол хүн ам нь одоо зарлаад байгаа шиг 1,4 тэрбум биш харин гурав дахин бага буюу 500 сая гэсэн дүгнэлтэд хүрчээ. Учир нь 1,4 тэрбум хүнийг тэжээхэд нэмж 800 сая тонн үр тариа хэрэгтэй. Гэтэл 800 сая тонн үр тариа өнөөдөр хаанаас ч авах боломжгүй гэнэ.
  
Тэрээр энэ дүгнэлтээ дараах баримтаар нотолж байна. АНУ жилд 485 сая тонн үр тариа (60 сая тонн улаан буудай, 334 сая тонн эрдэнэ шиш, 91,47 сая тонн бусад үр тариа) хураадаг. Хүн ам нь 300 гаруй сая тул хэрэгцээнээсээ илүү гарсныг нь экспортолдог.


Хүн амын нягтрал

БНХАУ 9,56 сая кв.километр нутаг дэвсгэртэй. Хүн амын дийлэнх хэсэг нь далайн эрэг болон Хөх, Шар мөрний дагуу амьдардаг. Гэтэл нийт нутаг дэвсгэрийн бараг тал хувьтай нь тэнцэх Шиньжаан-Уйгар, Төвд, Өвөр Монголын нутагт 46 сая хүн буюу хүн амын ердөө 3 хувь нь амьдарч байна. Эдгээр нутаг нь хэдийгээр өндөр уул, цөл, тал голдуу ч хятадууд нэмэлт хөрөнгө оруулалт хийж эзэмшихийг урьтал болгоно гэж бичжээ.
   
Мөн Энэтхэг улсын хүн ам ч гэсэн 1,2 тэрбум биш 200-300 сая байх магадлалтай гэж бичсэн байна.
   
Энэ бүхнээс үндэслээд Оросын Сибирь, Алс Дорнод болон Казахстан, Монгол руу хятадуудын “их нүүдэл” эхлэнэ гэж айх, сандрах хэрэггүй гэсэн дүгнэлт хийж байгаа юм байна.



Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.